Эх орон, төрөлх нутаг Монгол орныхоо өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтан,албан хаагчид, малчид тариаланчид, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэдээ өөрийн байгууллагын вэб хуудсаараа дамжуулан Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олны нэрийн өмнөөс болон улсынхаа 2 дахь хот болон цэцэглэн хөгжиж байгаа нутгийнхаа баялаг бүтээгч малчид, тариаланч, хүнс үйлдвэрлэгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Дархан-Уул аймаг нь Хан Хэнтий, Хангайн нурууны хооронд Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газрын бүсэд багтдаг ба ой, хээр, уулс хосолсон байгаль, экологийн өвөрмөц тогтолцоотой.
Нийт газар нутгийн 67.43 хувь буюу 221.27 мянган га талбай нь ХАА-н эдэлбэр газар бөгөөд үүний 53,6 хувь буюу 175,5 мянган га нь бэлчээр, 2,7 хувь буюу 9,07 мянган га талбай нь хадлан,10,4 хувь буюу 34,2 мянган га нь тариалангийн зориулалттай эргэлтийн талбай эзэлж байна.
2021 оны байдлаар аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үйлдвэрлэл 7,8 хувийг эзэлж байна.
2022 оны байдлаар аймгийн хэмжээнд 1284 өрх, 57 аж ахуйн нэгж 34,2 мянган га-д газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, 3,5 мянга гаруй өрхөд 355,3 гаруй мянган толгой малыг өсгөн үржүүлж, эрчимжсэн аж ахуйдыг хөгжүүлж иргэдээ эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж эхэлсэн “Хүнсний хувьсгал”-ыг дэмжин өөрсдийн оролцоог ханган хамтран ажиллаж байна.
Малын болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, хүн амыг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн тэгш хүртээмжтэй байдлаар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэхүү вэб хуудсаар дамжуулан манай хамт олны болон аймгийн ХАА-н салбарын эрх зүйн орчин, өнөөгийн байдал, дэвшүүлсэн зорилго,зорилтууд, ололт амжилт, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүдийн танилцуулга, салбарын эрдэм шинжилгээий байгууллагуудын бүтээл, технологи инноваци, нүүдлийн соёл иргэншлийг үе дамжин бүтээлцсэн, өдгөө зах зээлийн үед мал аж ахуйн үйлдвэрлэлийг авч яваа малчид, нэгэн жарны хугацаанд газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарыг бий болгосон ногоочид, хүнсчдийн ажил, үйлс, ололт амжилт, байгаль, цаг уурын нөхцөл, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа амжилтууд өнгөрсөн, одоо, ирээдүйн хөгжлийн талаархи бүхий л мэдээллийг авна гэдэгт итгэлтэй байна.
Манай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн төлөө сэтгэл, үйл ажиллагаа, хамтын хөдөлмөрөө хандуулах хэн бүхэнд манай ажил, үйлчилгээ, тус байгууллагатай холбоотой бүх төрлийн мэдээлэл энэхүү вэб хуудаснаа нээлттэй байх болно.
Та бүхэн манай байгууллагын вэб хуудсанд тавтай морилно уу.
Таныг хүндэтгэсэн : ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН